БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ЗАРИМ АЖИЛ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон харьяа байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний талаарх статистик мэдээллийг сар тутамд татан авч нэгтгэн, дүн шинжилгээ хийж, байгууллагын цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөнд суурь мэдээлэл, судалгаа болгон ашиглаж байна.

Байгууллага болон харьяа байгууллагаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг статистик тоон мэдээлэл дээр үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нь тулгуурлан хүргэж байгаа нь илүү бодит үр дүнд хүргэж байна.

Ажил идэвхтэй хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, ажлын байраар хангах, ажлын байрны захиалга авах, зөвлөгөө мэдээллээр хангах, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл, Засгийн газрын 253 тогтоол “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам”-ыг ААНБ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавих, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг байршуулах зэрэг үр дүнтэй үйл ажиллагаануудыг дурьдаж болох юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг цахимжуулах хүрээнд www.duudlaga.mn зайнаас зөвлөн туслах төвөөр үйлчлүүлэх сонсголын бэрхшээлтэй хүнд дохионы хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-ны санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байгууллагуудын мэдээллийг “Ejob” программд оруулах ажлыг хийж эхлээд байна.