Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын цахим хуудсаар зочилж буй та бүхний амрыг эрэн мэндчилэхийн ялдамд мэдээллийн хүртээмжийг хангахаар зорьж буй манай хуудаснаа тухлан саатахыг хүсье.

Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколд 2009 онд нэгдэн орсон. Тус конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг боловсруулж УИХ-аас 2016 онд баталсан. Уг хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахаар хуульчилсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын их хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 56 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 250 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн А/233 дугаар тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдан үндсэн дөрвөн газар, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд та бид хамтдаа эх орондоо анх удаагаа Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн 4-р чуулга уулзалтыг зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг ашиглалтанд оруулж, төрийн ордондоо чуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх нь үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хийсэн амжилттайгаар алхам алхамаар урагшилсаар байна.

Цаашдаа бид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, боловсролыг тэгш хүртээж, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гээд хийж хэрэгжүүлэхээр зэхээд байна. Үүнд та бүхний оролцоо, дэмжлэг, зөвлөгөө нэн чухал билээ. Хүртээмжтэй нийгмийн төлөө хүн бүр хамтран ажиллацгаая.

Хүртээмж бүгдэд хамаатай.

ХБХХЕГ-ын Дарга Э.Тамир