Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх оролцож тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийлэн харилцан санал солилцов. Тухайлбал:
Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллахыг хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөрийг дохионы орчуулгатай болгох зэрэг саналыг уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл Ерөнхий сайдад тавилаа.
Засгийн газар ХБИ-н асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурьдаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандарттай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ үеэр ХБИ-ийн асуудал хариуцсан зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа мэдэгдэж мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа.
Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы орчуулгатай хүргэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.